Уншиж байна ...

Гоо сайхны эмчилгээний үеэр ДОХ-ийн вирус халдварласан анхны тохиолдол АНУ-д бүртгэгджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нью-Мексико мужийн зөвшөөрөлгүй гоо сайхны эмнэлэгт нүүрний үрчлээ арилгах мэс ажилбарт орсон гурван эмэгтэйгээс ДОХ (Дархлалын Олдмол Дутлын Хам шинж)-ийн вирус илэрснийг АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв саяхан мэдээлжээ.

Энэ нь гоо сайхны мэс ажилбарын замаар ДОХ-ийн вирус халдварласан анхны тохиолдол болохыг баталсан байна.

2018 онд 40 гаруй насны гурван эмэгтэйгээс ДОХ-ийн халдвар илэрсний дараа ямар замаар халдварласныг нь судалж эхэлжээ.

Ингээд Нью-Мексико мужийн Альбуркерке хотын зөвшөөрөлгүй гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлсэн нь тогтоогдсон байна.

Эмэгтэйчүүдийн хийлгэсэн мэс ажилбар нь нүүрний арьсыг толигор, чанга болгох үйлчилгээтэй бөгөөд өвчтөний цусыг авч боловсруулсны дараа буцааж шахдаг ажээ.

Эмчилгээний дараа өвчтөний дух, хацарт хэсэг хугацаанд улаан толбонууд үүсдэг тул “вампирын нүүр будалт” (vampire facelift) гэж албан бусаар нэрлэдэг байна.

Ийм эмчилгээ $1,000 орчим үнэтэй бөгөөд Америкийн алдартнуудын дунд түгээмэл байдаг ажээ. Тухайлбал реалити шоуны од Ким Кардашян ийм эмчилгээ хийлгэснээ сошиал сүлжээнд нийтэлсэн зургаараа үзүүлж байв.

зураг
 

Мөрдлөгийн үр дүнд дээр дурдсан зөвшөөрөлгүй эмнэлгийн өвчтөн эмэгтэйчүүд, тэдний нэгний бэлгийн хамтрагч 2018-2023 онуудад хоорондоо маш төстэй ДОХ-ийн вирусийн хувилбараар халдварласныг илрүүлжээ.

Эмнэлгийн эзэн Мариа Рамос де Руйз шүүхээс гурван жил, хагасын хорих ял сонссон байна.

АНУ-ын гоо сайхны эмчилгээний салбар жилийн $24.3 тэрбумын эргэлттэй бөгөөд энэ хэмжээ жилээс жилд улам өсөж байгаа.

Гүйцэтгэсэн гоо сайхны мэс ажилбарын тоо 2019-өөс 2022 оны хооронд 20 хувиар өссөн байна. 2022 оны хувьд хамгийн түгээмэл эмчилгээ нь өөх соруулах, хөх томруулах, гэдэс чангалах, хөх өргөх, зовхины мэс ажилбар байсныг Америкийн Гоо Сайхны Мэс Засалчдын Нийгэмлэг мэдээлжээ.

 

Эх сурвалж: Business Insider