Уншиж байна ...

"Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалт 70 орчим хувьтай үргэлжилж байна"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2024 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор БНХАУ-ын ЭКСИМ банкны хөнгөлөлттэй зээлээр Таван шарын төмөр замын доогуур нүхэн гарц барих ажлыг 2023 оны наймдугаар сард эхлүүлж байв.

Төмөр замын доогуурх нүхэн гарцын хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлжээ.

Энэ талаар Авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн нэгжээс тодруулахад "Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын бүтээн байгуулалтын ажил эхлээд байна. БНХАУ-аас ажиллах хүч ирсэн. Барилгын бүтээн байгуулалтын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Газар чөлөөлөлт зэрэг явц дундын хүндрэл гарахгүй бол энэ онд ашиглалтад оруулах гэрээтэй.

Нүхэн гарцын бүтээн байгуулалтад барилгын ажлын үе шатаас хамаарч мэргэжлийн инженер, техникийн болон гар ажилчид гээд 200-300 хүн ажиллаж байна. Барилгын ажил ихтэй үед эдгээр тооны хүн ажилладаг бол ажил багасах үед хэлбэлзэж, цөөрнө. Одоогоор ямар нэгэн хүндрэл тулгараагүй байна" гэв.

Одоо барьж байгаа нүхэн гарцын зорчих хэсэг дөрвөн эгнээтэй, таван метр өндөр учраас нийтийн тээвэр болон ачааны машин нэвтрэх бүрэн боломжтой. Борооны болон гадаргын ус зайлуулах байгууламжтай баригдана хэмээн албаныхан мэдээлж байлаа.

Төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын “Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК тендерт шалгарсан бөгөөд туслан гүйцэтгэгчээр Монголын компаниуд ажиллаж байгаа аж.

“Чайна Тисижу Сивил Инженеринг Групп” ХХК-ийн талбайн инженер Ли Шуа "Төмөр зам дээр агаарын шугамын бэхэлгээний ажил хийж байгаа бөгөөд нийт гурван багц дам нурууг бэхлэх юм. 

D32 маркийн хөндлөн болон босоо дам нурууг ашиглаж, агаарын тоноглол, гүүрэн хэлбэрийн барилга байгууламж бий болгоно гэсэн үг. Үүнд 25 метрийн гүнтэй, 1.5 метрийн диаметртэй хүчитгэсэн бетон хийцлэл бүхий тулгуур багана байрлуулж байгаа, аюулгүй" хэмээн ярьж байсан юм.

Судалгаанаас үзэхэд Таван шарын төмөр зам орчимд авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 2:40 цаг хязгаарлагддаг. Өөрөөр хэлбэл төмөр зам болон авто зам нэг түвшинд огтлолцсонтой холбоотойгоор замын хөдөлгөөн саатдаг байна.