Индэр    
2024 оны 3 сарын 5
Зураг
Биологийн олон янз байдал ба ойн тогтвортой менежмент

Та "Байгаль"-ийн талаар мэдсэн үү?

Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Байгаль" бол Монгол орны биологийн олон янз байдлын цогц мэдээллийг нэг дороос авч болох апп болон вэб сайт юм.

Монгол оронд буй бараг бүх сээр нуруутан амьтад, 1,000 гаруй зүйлийн ургамал, зарим шавж, мөөг, хагийн зураг, бичвэр мөн тархалтын мэдээлэл бүхий сан "Байгаль"-д бүрдээд байна. 

Уг санаачилгыг гаргасан эрдэмтэд нь GIZ SPACES төслийн дэмжлэгтэйгээр биологийн олон янз байдлын талаар цогц мэдээлэл түгээхээс гадна амьтан ургамлын талаар илүү их мэдээлэл цуглуулахад бүх нийтийг оролцуулах зорилготой ажээ.  Учир нь Монголын цөөхөн эрдэмтэд эх орныхоо өнцөг булан бүрд хүрч очин судалгаа хийх боломж хомс юм. 

Иргэд уг апп-г ашиглан Монголын хаанаас ч олж харсан амьтан, ургамлынхаа зургийг эрдэмтдэд шууд илгээх боломжтой болох бөгөөд ингэснээр Монгол орны биологийн олон янз байдлын илүү өргөн ойлголтод хүрнэ.

Та сонирхсон эсвэл тааралдсан амьтан, ургамлынхаа талаарх ажиглалтаа оруулах, эсвэл зүгээр л зураг илгээхэд манай мэргэжилтнүүд зураг дээрх амьтан, ургамлыг тодорхойлж, Танд хариу өгнө. Ийнхүү бидний хамтран суралцах, танин мэдэх үйл явц эхлэх юм. Та бүхний оруулсан зураг, байрлалын цэг бүр Монгол орны биологийн олон янз байдал, тэдний хамгаалал, тархалтыг тодорхойлоход ҮНЭТ МЭДЭЭЛЭЛ, байгаль хамгаалалд Таны оруулж буй ХУВЬ НЭМЭР болно.

Одоогоор нийт 12,000 гаруй ажиглалт хийгдээд байгаа бөгөөд 2,700 гаруй иргэн уг апп-г ашиглан өөрсдийн сонирхсон мэдээ мэдээлэл авах болон ажигласан амьтан ургамлаа оруулсан байна. Монгол орны биологийн олон янз байдлын талаарх танин мэдэхүй, мэдлэг, мэдээллийг түгээх болон ажигласан амьтан ургамлын талаар мэргэжилтнүүдээс мэдээлэл авахыг хүсвэл Та www.baigali.mn вэбсайтаар зочлоорой.