Уншиж байна ...

Сүхбаатар аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг, хоёр тонн шатахуун олгохоор шийдвэрлэжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 5 сарын 8
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра тэргүүтэй албаны төлөөлөл (2024.05.07) Сүхбаатар аймагт ажиллажээ.

Өвөлжилт хамгийн их хүндэрсэн Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн онд 3.8 сая толгой мал тоолуулсан бол 2024 оны тавдугаар сарын 6-ны байдлаар нийт малын 44.8 хувь нь хорогдож, 4,400 гаруй малчин өрх мал сүргийнхээ 50-иас дээш хувийг нь зүй бусаар алдсан байна.

Зудын дараах томоохон эрсдэл нь мал, амьтны халдварт өвчин байдаг тул малын сэг зэмийг сумдад яаралтай цуглуулж, устгах ажлыг эрчимжүүлэхэд зориулж аймгийн Онцгой комисст 300 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Мөн аймгийн хэмжээнд хамгийн олон мал хорогдсон Сүхбаатар суманд сэг зэм устгах ажилд зориулж хоёр тонн шатахууныг олгохоор болсон юм.

Түүнчлэн Засгийн газар, улсын Онцгой комиссоос аймгийн Онцгой байдлын газарт хоёр ковш, “Ланд 76”, Эрдэнэцагаан сум дахь Гал унтраах аврах ангид “Ланд 78” автоамашиныг тус тус хүлээлгэн өгөөд байна.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар