Уншиж байна ...

Зеленскийн амийг хөнөөх Оросын нууц ажиллагааг таслан зогсоосноо Украины тусгай албаныхан мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Ерөнхийлөгч Володимир Зеленскийн амийг хөнөөх зорилготой Оросын нууц ажиллагааг таслан зогсоосноо Украины сөрөх тагнуулын алба Мягмар гарагт мэдээлжээ.

Украины өндөр албан тушаалтнуудын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй Төрийн Хамгаалалтын Газрын хоёр хурандаа уг ажиллагаанд оролцсон байж болзошгүй үндэслэлээр баривчлагдсан байна.

Тэднийг Оросын Холбооны Аюулаас Хамгаалах Алба (ФСБ) 2022 оны хоёрдугаар сараас өмнө буюу Украины дайн эхлэхээс өмнө элсүүлсэн байжээ. Тэд Зеленскийн бие хамгаалагчдын дундаас халдлага үйлдэх хүн буюу "гүйцэтгэгч" элсүүлэхээр хайж байсан гэнэ.

Зеленскийн амь насанд халдах ажиллагааг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний тангараг өргөх өдрийн өмнө гүйцэтгэхээр төлөвлөж байсныг Украины Нийгмийг Аюулаас Хамгаалах Албаны (СБУ) тэргүүн Васил Малюк мэдээлсэн байна.

Путин өчигдөр буюу Мягмар гарагт ерөнхийлөгчийн тангараг өргөж, тав дахь бүрэн эрхийнхээ хугацааг эхлүүлсэн юм.

“Путиний тангараг өргөх ёслолд бэлэглэх гэж байсан террорист халдлага Оросын тусгай албадын бүтэлгүйтлээр өндөрлөлөө” гэх Малюк мэдэгджээ.

Зеленскийн амийг хөнөөх оролдлого дайн эхэлснээс хойш олон удаа гарсан гэдэг. 2022 онд тэр хамгийн цөөндөө 10 ийм ажиллагаа илрүүлсэн тухай ярьж байв.

Өнгөрсөн сард Польшийн эрх баригчид Оросын цэргийн тагнуулын албанд нууц мэдээлэл дамжуулж байсан өөрийн иргэнийг баривчилснаа зарласан юм. Тэрбээр Украин-Польшийн хилд ойр оршдог нисэх буудлын талаар мэдээллийг Оросын талд дамжуулж байжээ. Уг нисэх буудал нь Зеленскийн гадаад айлчлалуудын дамжин өнгөрөх цэг болдог юм.

 

Эх сурвалж: Reuters