Уншиж байна ...

Б.Эрдэнэбат: Х.Нямбаатар хүний хувийн өмчийг нураачих, очиж шалгана гэж мафийн эзэн шиг ичгүүр сонжоогүйгээр зарлалаа

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, хотын дарга Х.Нямбаатар "Эрэл" компанийн эзэмшил газрыг хүчээр чөлөөлөх үүрэг өгсөн. 

Үүнтэй холбогдуулан "Эрэл" группийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат хотын даргын шийдвэрийг эсэргүүцэж, Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Тэрбээр "Миний сүүлийн 40 жилийн ажил, амьдралын талаар хотын Х.Нямбаатар дүгнэж ярилаа. Шүүхийн шийдвэр гарсан байхад зам, газар яагаад чөлөөлдөггүй юм гэсэн. 

Үндсэн хуулиар хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулаад, хүний эрх, эрх чөлөө, чөлөөт зах зээл эдийн засаг гэж ярьдаг. Чөлөөт зах зээлийн амин сүнс өмчийн бүх хэлбэрийг Үндсэн хуулиар хамгаалсан. Хувийн өмчийг хуулиар хамгаалсан тогтолцоонд Монголын ард түмэнд ажиллаж амьдарч байна. 

Байж болохгүй нэг зүйл нь Шударга ёсны буюу Хууль зүйн сайд байсан хүн хотын даргаар оччихоод хууль зөрчиж, хүний хувийн өмч буюу "Эрэл"-ийг буулгана. Мөнхбаатар нарын хоёр хүнд өнөөдөр үүрэг өгч, техниктэйгээ буулга нураа, маргааш нь би очиж шалгана гэсэн. 

Гэмт хэрэг үйлд, хүний хувийн өмчийг нураачих, би очиж шалгана гэж мафийн эзэн хүн шиг ичгүүр сонжоогүйгээр улс орон даяар зарлаж байна. Өөрийнхөө цахим хаяг дээр тавьсан. 

Ганцхан "Эрэл" компанийн Б.Эрдэнэбат гэх хүний нэр хүнд биш. Тэр компанид ажиллаж буй олон хүний нэр хүнд, үйл ажиллагаанд хандсан, маш ноцтой байж болшгүй зүйл" гэв. 

"Тотал инж гэх компани нь Яармагаас хойшоо ТЭЦ 4-рүү явдаг гүүр, манай хойд талын Говийн гүүр замын тендерт шалгарсан"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн чөлөөлөх гэж буй газартай холбоотой гарсан Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар тэрбээр "2023 оны долдугаар сарын 24-ний өдөр газар чөлөөлөх нийслэлийн Засаг даргын захирамжийг шүүх хууль зөрчжээ гээд хүчингүй болгосон.

Үүнийг үндэслэж анхан шатны шүүх дээр эцсийн шийдвэр гартал үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн захирамж гарсан. Аль нэгэн тал шүүхийн эцсийн шийдвэр гартал үйл ажиллагаа явуулахгүй.

Гэтэл өөрөө үүнийг зөрчиж, үүрэг өгсөн. Хэвлэлийн хурал эхэлж байгаатай холбогдуулан техникүүдээ авч очсон. "Тотал инж" гэх компани тендерт шалгарсан юм байна. 

"Тотал инж" гэх компани нь Яармагаас хойшоо ТЭЦ 4-рүү явдаг гүүр, манай хойд талын Говийн гүүр замын тендерт шалгарсан. Энэ компани тэдний үгээр бидний өмч хөрөнгийг эвдэх эрхгүй. 

1961 онд манай үйлдвэр барьж байгуулагдахад бүх тоног төхөөрөмж тэр төмөр замаар ачигдаж ирсэн. Тэр төмөр зам нь "Эрэл" компанийн өмч гэх үл хөдлөхийн гэрчилгээтэй. 

Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй өмчийг Засаг дарга шууд үүрэг өгөөд хүнээр эвдүүлж байна.Энэ бол гэмт хэрэг" хэмээн тайлбарлав. 

"Ийм үйл ажиллагаа цаашдаа яагаад ч жишиг болж болохгүй. Х.Нямбаатар дарга уучлалт гуйж, үйл ажиллагаагаа таслан зогсоох байх"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үүний дараа "уул уурхайн баялгийг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат үрэн таран хийсэн" гэх Хотын дарга Х.Нямбаатарын мэдээлэлд дараах тайлбарыг өгөв.

Тэрбээр "Би 1984 онд сургууль төгсөж ирээд 10 гаруй шинэ бүтээн байгуулалт хийсэн. Ингэснээр Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт тавин мянганы зураглалын ажлаар 1990-1992 онд хайгуул хийж, алтны Уянгын ордыг нээсэн. 

Анх удаа Монголд хувийн компани өөрийн хөрөнгөөр хайгуулын ажил хийсэн гээд Эрдэс баялгийн зөвлөлийн протокол дээр бичээстэй байгаа. Тус ордоос гарсан бүх алтыг Монголбанкны эрдэнэсийн санд тушаасан. 

Үүнээс олсон орлогоор 1994 онд байшин үйлдвэрлэх комбинатыг худалдаж авсан. Өмчлөлийн эрхийн гэрчилгээ бий. 30 жил үйлдвэр дээр үйл ажиллагаа явуулж, жил бүр Улаанбаатар хотын дүүрэгт 200-500 айлын орон сууцыг барьж ашиглалтад өгсөн. 

Мөн тоосгоны үйлдвэрийн хувьцааг Хөрөнгийн биржээс худалдаж авсан. 1998 онд Дарханы цементийн үйлдвэрийн хувьцааг худалдаж авсан түүхтэй. 

Уул уурхайн баялгийг Монголбанкны эрдэнэсийн санд тушааж, орлогоор нь дэд бүтэц, үйлдвэр, орон сууц барих үйл ажиллагааг өнөөдрийг хүртэл явуулж ирсэн. 

26 жил улс төрийн шахалт дарамтыг бүгдийг нь туулаад үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Хотын дарга Х.Нямбаатарын мэдэгдэл улс төржсөн гэж би үзсэн. Харьцангуй залуу хүн ийм муйхар мэдэгдэл хийж, хууль зөрчиж хувийн өмчийг булаан авч байна. 

Ийм үйл ажиллагаа цаашдаа яагаад ч жишиг болж болохгүй. Х.Нямбаатар дарга уучлалт гуйж, үйл ажиллагаагаа таслан зогсоох байх. 

Төв цэнгэлдэхийг тойрсон бүх газрыг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат авсан гэж ярилаа. Надад тэнд барьсан, байгуулсан нэг ч амбаар байхгүй. Төв цэнгэлдэхийг тойроод хэн тэр их барилга барьсныг ард түмэн мэдэж байгаа. Иймэрхүү ор үндэсгүй байдлаар гүтгэлээ.

Мөн надад зүүн дөрвөн замын эргэн тойронд авсан нэг ч газар байхгүй. Үүнийг нотлох баримттай нь гаргах ёстой. Хэрэв уучлалт гуйхгүй бол холбогдох хууль хяналтын байгууллагад албан тушаалаа ашиглаж, хүнийг нэр төрд халдсан гүтгэлэг явуулсан талаар шалгуулна" гэв.

"Хамтарч ажиллах гэрээ хэлцэл, ажлын хэсгээ байгуулсан. Гэтэл нэг өдөр цочсон юм шиг мэдэгдэл хийж буйд гайхаж байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа тэрбээр "Би Хөгжлийн Банкнаас зээл авсан нь үнэн. Герман улсын хамгийн орчин үеийн үйлдвэрийг барьсан. Би Чингис бондоос 14 сая ам.долларын зээл авч үйлдвэрийг шинэчилсэн. 

Үйлдвэр 2017 онд ашиглалтад орсон ч Яармагаар дүүрэн олон орд харш барьсан нэртэй чанаргүй барилга барьсан хүмүүс үнэ өртөг унах, улс төсвийн хөрөнгөөр сургууль цэцэрлэг барьж цүнх баригч нар нь сонгуулийн мөнгөө босгодог үйл ажиллагаа нь зогсоно. 

Мөн Ардчилсан Намын үед байшин үйлдвэрлэх комбинатыг барьж, бохирдлыг арилгах чухал төслийг хэрэгжүүлэхгүй гэсэн үүднээс МАН-ынхан найман жил ийм үйл ажиллагаа явуулж байна. 

2017 онд ашиглалтад орсон байшин үйлдвэрлэх комбинатыг ажиллуулсан бол гэр хорооллын 50 хувийг орчин үеийн хот тосгон болж барилгажуулах байсан. Энэ боломжийг алдагдуулсан эрх бүхий хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

Тэд улсын төсөв, гадаад дотоод бондоос маш их хэмжээний мөнгө авсан. Бондынхоо 33 их наяд төгрөгийг өөрсдөө зээл болгосон. Дараа нь гадаад руу гаргаад оффшор дансанд хийсэн. Үүнийг ОУВС, Азийн хөгжлийн банк мэдээд Монгол Улсын нэр хүнд саарал жагсаалтад орсон. 

Ингэснээр мөнгөө буцааж оруулж ирээд олон бетон байшин, шугуйг барьж байгаа. Үүнийгээ нуухаар саяхан Ил тодын хуулийг баталж, бүх хуульд хамаарахгүйгээр 33 их наяд төгрөгийг өөрийн болгосон.

Би хотын даргатай өмнө нь уулзаж зөвшилцөлд хүрч, ойлголцсон. Хэдхэн хоногийн өмнө хотын дарга тэргүүтэй 30-40 хүн үйлдвэртэй танилцсан. Хамтарч ажиллах гэрээ хэлцэл, ажлын хэсгээ байгуулсан. Гэтэл нэг өдөр цочсон юм шиг мэдэгдэл хийж буйд гайхаж байна. 

Уг нь хоёр хурдны замыг хооронд аль болох уулзваргүй болгох ёстой. Хоёр хурдны замыг хооронд нь холбож олон уулзвартай болговол түгжрэл ихэснэ. Мишээл төвд зориулсан зам хийх гэж байна" хэмээн ярилаа.