Уншиж байна ...

Д.Даваа-Очир: УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Цэрэнбат сонгуулийн хууль зөрчиж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сонгуулийн Ерөнхий Хорооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир "Иргэдээс сонгуулийн хууль бус сурталчилгаа газар аваад байна. СЕХ-ноос үүнд анхаараач гэдэг мэдээлэл их ирж байна. Тиймээс бид энэ асуудалтай холбоотой мэдэгдэл гаргасан. СЕХ-ноос цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Сонгуулийн хууль бус сурталчилгаатай холбоотой найман төрлийн үйл ажиллагааг хуулиар хориглосон байдаг. Хэрэв нам, эвсэл, горилогч нар хууль бус сурталчилгаа явуулах юм бол СЕХ бүртгэхээс татгалзах, хууль зөрчсөн үйл ажиллагаа нь тогтоогдвол бүртгэлээс хасах хүртэл арга хэмжээ авах болно. Нэр дэвшихээр горилогч Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байвал энэ хууль бус сурталчилгаа. Хэрэв яг ийм асуудлаар иргэн гомдол гаргаад цагдаагийн байгууллагаас Зөрчлийн хуулийн дагуу шалгаж тогтоовол хууль зөрчсөн үйлдэл болно. Энэ асуудал дээр сэтгүүлчдээ хамтрахыг уриалж байна” гэв.

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн зүгээс тодорхой хүний нэр заан хууль зөрчсөн үйлдэл гаргасан эсэхийг нь тодруулав. Тухайлбал, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа болон УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Цэрэнбат нар баруун бүсийн аймгуудаар Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж яваа нь сонгуулийн тухай хууль зөрчсөн эсэхэд хамаарах уу гэдгийг лавлав.

Үүнд СЕХ-ны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир “Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга гэдэг статустай. Тэгэхээр Баруун бүсийн хөгжлийн төвийн дарга өөр аймагт Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулж болох эсэхийг хуульд юу гэж заасныг яг одоогоор мэдэхгүй байна.

Харин УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Цэрэнбат Засгийн газрын мөрийн хөтөлбөр танилцуулаад явж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл мөн" гэдэг хариулт өглөө.