Уншиж байна ...

АНУ-ын хоёр дахь хамгийн өндөр настай сенатор сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын 82 настай сенатор Берни Сандерс арваннэгдүгээр сард болох ээлжит сонгуульд дөрөв дэх удаагаа өрсөлдөхөөр шийдсэнээ Даваа гарагт зарлажээ.

Жүүд цагаачийн үр удам болох тэрбээр сүүлийн 16 жил АНУ-ын хууль тогтоох байгууллагын дээд танхимд Вермонт мужаас сонгогдон ажилласан юм.

Либерал үзэл ноёлдог Вермонт мужийн иргэд өөрийгөө “ардчилсан социалист” гэж тодорхойлдог Сандерсыг дахин сонгох нь бараг тодорхой байна.

Одоо тэрбээр Сенатын танхимд Бүгд Найрамдах Намын 90 настай Чак Грэслийн дараа хоёр дахь өндөр настай хууль тогтоогч юм. Бас АНУ-ын түүхэнд бие даасан статустай хамгийн удаан ажилласан сенатор болж байна.

Хэрвээ Сандерс энэ удаа сонгогдвол 89 нас хүртлээ сенатын гишүүнээр ажиллах юм.

Тэрбээр 2020 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байв. Энэ сонгуулийн кампанит ажлынхаа үеэр тэр зүрхний шигдээсээр өвчилж байжээ.

Өнгөрсөн хугацаанд ерөнхийлөгч Байдены найдвартай холбоотон болж байсан хэдий ч Сандерс өнөөдөр Израилийн Газын зурваст явуулж буй дайны хүчтэй эсэргүүцэгч болоод байгаа.

“Хэдийгээр Израиль улс террорист халдлагаас өөрийгөө хамгаалах эрхтэй ч энэ нь нийт Палестины ард түмний эсрэг дайн явуулах эрхтэй гэсэн үг биш юм. Миний бодлоор АНУ-ын татвар төлөгчдийн мөнгө Палестины ард түмний эсрэг экстремист Нетаньяхугийн засгийн газрын явуулж буй сүйрлийн дайныг үргэлжлүүлэн санхүүжүүлэх ёсгүй” гэж Сандерс өчигдөр мэдэгджээ.

Тэрбээр 2016 онд мөн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхдээ өрсөлдөгч Хиллари Клинтоны замд саад болж, Дональд Трамп ялах боломжийг нээсэн гэдэг.

 

Эх сурвалж: AFP