Уншиж байна ...

О.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал, стандартын талаар Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Тоглоомын талбай бол хүүхдүүдийн хөөрч баясаж байх газар. Гэтэл нийслэлийн хэмжээнд тоглоомын талбай эзэнгүйдээд байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2018 онд 1,118 хүүхэд тоглоом талбайд тоглож байгаад гэмтэж, эмнэлгийн анхан шатны тусламж авсан байна. 2019 онд энэ тоо 2,200 болж өссөн бол 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үед гэмтэж бэртсэн тухай мэдээлэл байна. 

Юм бүхэн эзэнтэй, стандарттай байснаар хот цэгцэрнэ. Хүүхдийн тоглоомын талбайн стандарт 2019 онд батлагдсан. Үүнд ашиглалт, хамгаалалт үйлчилгээг тоглоомын талбайн газрын эзэн нь хариуцна гэж заасан. Гэвч энэ стандарт хэрэгжихгүй байна" гэлээ.

Нийслэлийн хэмжээнд 1,553 хүүхдийн тоглоом болон спортын талбай байдгаас 465 нь стандартад нийцээгүй буюу засварлах шаардлагатай гэж гарчээ.

Иймээс нийслэлээс тоглоомын талбайн стандартыг хангаж, аюулгүй орчин бүрдүүлэх шаардлагыг хүргүүлэхээр болсон байна. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "СӨХ, хороод, дүүргийн Засаг даргын Тамгын газрууд, аж ахуйн нэгжүүд, иргэд гээд тоглоомын талбайг хэн хариуцаж байна тэдэнд шаардлага тавьж, засвар үйлчилгээ хийхийг уриалж ажиллана. Эцэг эхчүүд мөн хүүхдүүдийнхээ эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд хамтарч ажиллахыг хүсье" гэлээ.